МУИС-ийн МТЭС-ийн Хэрэглээний Математикийн Тэнхимээс жил бүр зохион явуулдаг “Хэрэглээний математик 2024” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 12 сарын 7-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд зохион байгуулагдлаа. 

Хуралд МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗИС, ШУА-ийн МТТХ, Актуар аналитикс ХХК зэрэг 6 байгууллагаас 50 гаруй судлаачид, эрдэмтэд, оюутнууд оролцож, нийт 17 илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлын эхний уригдсан илтгэгч С.Батбилэг “Тоглоомын онолын тооцон бодох орчин үеийн аргууд, түүний хэрэглээ” сэдвээр Монгол улсын нүүрсний зах зээлийг БНХАУ, ОХУ нарын зах зээлтэй уялдуулан тоглоомын онолоор загварчилж, оновчлолын аргачлалаар шийдэх тухай, удаах уригдсан илтгэгч А.Энхбаяр “Виртуал орчинд суралцах нь” сэдвээр иммерсив технологи буюу виртуал реалити, метаверс технологиудын боловсрол, өв соёлын салбар дахь боломж, онцлог давуу талуудын тухай судалгааны шинэлэг үр дүнгүүдээ танилцуулсан нь олны сонирхлыг татаж байлаа. Түүнчлэн манай улсын одоо цаг үед тулгамдаад байгаа  асуудлуудад хэрхэн математик, статистикийг хэрэглэж шийдвэрлэж болох тухай өөр хэд хэдэн сонирхолтой ажлууд яригдсан нь Г.Долгорсүрэн нарын Нийтийн тээврийн үйлчилгээний үр ашгийн шинжилгээ, Б.Лхагважаргалын Шинэ динамик стохастик тэнцвэрийн загвар, С.Баттөгс нарын Тарианы үрийг хальслах хол булт төхөөрөмж, математик шинжилгээний талаарх судалгааны ажлууд байлаа. 

Ирэх онд үргэлжлэн явагдах эрдэм шинжилгээний тус хурлыг Монголын анхны математикч эрдэмтэн, БНМАУ-ын гавьяат багш, Монгол улсын ардын багш Лувсанцэрэнгийн Шагдар агсны нэрэмжит болгон зохион явуулахаар тогтлоо.