;

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн оюутнуудын бүрэлдэхүүнтэй “Spirits and Such” баг PMI (Project Management Institute)-ийн IX бүсийн олон улсын төслийн удирдлагын кейс уралдаанд амжилттай оролцож, медальт байр эзэллээ.

Энэхүү тэмцээн нь PMI олон улсын байгууллагын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд Тайвань, Хонг Конг, Солонгос, Япон, Монгол зэрэг орнуудын их, дээд сургуулийн оюутнууд оролцдог. Тэмцээний зорилго нь залуу төслийн удирдагчдыг хөгжүүлэх, төслийн удирдлагын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байна.

Монгол Улсад болох урьдчилсан шатны тэмцээнийг PMI Mongolia Chapter 2025 оны 4-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулсан бөгөөд эхний байранд шалгарсан МУИС-ийн “Spirits and Such” баг нь улсаа төлөөлөн PMI Region 9 Grand Final Student Case Competition тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Тус олон улсын шатны тэмцээн нь 2025 оны 6-р сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)-ын Тайчун хотод зохион байгуулагдсан бөгөөд нийт 5 улсын 99 багаас шалгарсан шилдэг 5 баг оролцсоноороо онцлог байв.

МУИС-ийг төлөөлөн оролцсон “Spirits and Such” багийн гишүүд:

  • 👩‍💻Ө. Агиймаа 

  • 🧠 Э. Хантүшиг 

  • 💡 Э. Эрхэс 

  • 🔍 Б. Баяржавхлан 
    Ментороор: Б. Батням (МУИС-ийн МТЭС-МКУТ-ийн ахлах багш) ажилласан болно. 

    МУИС-МТЭС-ийн зүгээс багийн гишүүд, ментор багшдаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, судалгаа, олон улсын үйл ажиллагаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Мэдээг хуваалцах