Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль (МУИС-МТЭС) нь Ай Ти Зон ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Ай Ти Зон ХХК боло, Fortinet Mongolia компаниуд кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжин, тэдэнд зориулсан мэргэжлийн лаборатори байгуулах шийдвэр гаргасан нь энэхүү гэрээний гол ач холбогдол юм.
Шинээр байгуулагдах Кибер аюулгүй байдлын лаборатори нь судлаачид, оюутнуудад сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сургалтын баазыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэ нь мэргэжлийн ур чадвар эзэмших, практикт суурилсан мэдлэгээ хөгжүүлэх өргөн боломжийг олгоно.
Мөн тус лабораторийг түшиглэн:
• Оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх төрөл бүрийн тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах,
• Дадлага, дадлагажих хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх,
• Цаашид судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, харилцан туршлага солилцох зэрэг олон талтаар хамтарч ажиллахаар тохиролцов.
Энэхүү санаачлаг нь Монгол Улсад кибер аюулгүй байдлын салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах төдийгүй их сургууль, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийн нэгэн жишээ болох юм.