Цахим шилжилт эрчимжиж, хиймэл оюун, дижитал эдийн засаг хүчээ авч буй өнөө үед кибер аюулгүй байдлыг ханган ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай энэ үед Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль (МТЭС) 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн “Кибер аюулгүй байдал” магистрын хөтөлбөрийг судалгааны болон мэргэжлийн чиглэлүүдээр албан ёсоор эхлүүлж байна.
Тус магистрын сургалтыг бодитоор дэмжиж буй голлох үйл явдлын нэг нь 2025 оны 09-р сарын 09-нд нээлтээ хийсэн “Кибер аюулгүй байдал, сүлжээний лаборатор” байлаа. Энэхүү лабораторийг МУИС-ийн МТЭС-д Ай Ти Зон ХХК, Fortinet компаниуд хамтын ажиллагааны 10 жилийнхээ ойн хүрээнд хамтран байгуулж, оюутан залуусын суралцах таатай нөхцөл, сургалтын чанарыг сайжруулахад томоохон дэмжлэг боллоо.
Уг лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд:
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал
Ай Ти Зон ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Эрдэнэбямба
Fortinet компанийн Монгол Улсыг хариуцсан менежер Michael Fung
Fortinet компанийн Монгол дахь төлөөлөгч Г.Жигдолмаа
нар урилгаар хүрэлцэн ирж оролцлоо.
“Кибер аюулгүй байдал, сүлжээний лаборатори” нь Dell-ийн иж бүрэн компьютер, Fortinet-ийн шинэ шийдэл бүхий кибер аюулгүй байдлын төхөөрөмжүүдээр тоноглогдсон тул суралцагчдыг бодит орчинд ажиллах ур чадварт сургахад дөхөм болж буй онцлогтой.
Тус лабораторийн нээлтийн үеэр МТЭС-ийн захирал Б.Ганбат боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн Ай Ти Зон ХХК, Fortinet компаниудад талархал илэрхийллээ.