Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Мэдээлэл, Компьютерын Ухааны Тэнхимийн (МКУТ) ахлах багш Б.Батням нь “Зохиомжийн статик загвараас программ хангамжийн согогийг таамаглах шийдэл” сэдвээр докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгааллаа.

 Орчин үеийн программ хангамжийн системийн хэмжээ, нарийн ээдрээтэй байдал өсөн нэмэгдэхийн хэрээр согог (defect, bug)-ийг эрт илрүүлэх нь системийн чанар, хөгжүүлэлтийн зардал, найдвартай байдалд чухал нөлөө үзүүлдэг. Гэвч өнөөг хүртэлх ихэнх судалгаа, практик аргачлалууд нь программын эх код бичигдсэний дараах шатанд согог илрүүлэхэд төвлөрч ирсэн нь засварын зардлыг үлэмж нэмэгдүүлдэг сул талтай. Энэхүү судалгааны ажил нь программ хангамжийн хөгжүүлэлтийн зохиомжийн шатанд, тодруулбал Загварчлалын Нэгдсэн Хэл (ЗНХ)-ний классын диаграмм зэрэг статик загварт үндэслэн согогийг урьдчилан таамаглах боломжтой эсэхийг эмпирик программ хангамжийн инженерчлэлийн арга техник ашиглан баталгаажуулснаар онцлогтой юм. Судалгааны суурь үзэл баримтлал нь чанарын баталгаажуулалтыг хөгжүүлэлтийн хожуу шатнаас эрт шат руу шилжүүлэх “Зүүн шилжилт/Shift-Left” хандлагад тулгуурласан бөгөөд согогийг үүсэхээс нь өмнө илрүүлэх проактив чанарын баталгаажуулалтын шийдлийг санал болгосон юм. Судалгааны хүрээнд нээлттэй эхийн томоохон өгөгдлийн иж бүрдэлд тулгуурлан урвуу инженерчлэл ашиглаж ЗНХ-ний классын диаграмм гарган, объект хандлагат зохиомжийн 24 төрлийн метрик тооцоолж, 67,000 гаруй класс бүхий зохиомжид суурилсан анхны, том өгөгдлийн иж бүрдлийг бүтээсэн. Уг өгөгдлөөр машин сургалт (Random Forest, XGBoost гэх мэт) болон гүн сургалтын (MLP, TabTransformer) загварыг ашиглан туршилт хийхэд, зохиомжид суурилсан арга нь AUC ~68% гүйцэтгэл үзүүлж, уламжлалт эх кодод суурилсан аргуудтай өрсөлдөхүйц үр дүнтэй болохыг нотолсон. Судалгааны үр дүн нь программ хангамжийн согогийг зөвхөн хэрэгжүүлэлт, тестийн шатанд бус архитектур, зохиомжийн түвшинд эрт илрүүлэх боломжтойг харуулж, хөгжүүлэлтийн зардлыг бууруулах, чанарын баталгаажуулалтыг илүү оновчтой төлөвлөх практик ач холбогдолтой юм. Түүнчлэн уг ажил нь зохиомжид суурилсан согог таамаглах судалгааны өгөгдлийн хомсдолыг шийдсэн, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц эмпирик нотолгоо бүхий судалгаа болсон. Б.Батням багш болон түүний судалгааны багийн 2012 оноос хойш тасралтгүй хийж гүйцэтгэсэн энэхүү судалгаа нь МУИС-ийн МКУТ-д хийгдэж буй программ хангамжийн чанар, хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан судалгааны чиглэлийг шинэ түвшинд гаргасан чухал бүтээл болж, цаашид академик болон практик хэрэглээнд өргөн ашиглах боломжтой гэдгээр онцлог юм.

Мэдээг хуваалцах