МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Хэрэглээний математикийн тэнхимийн дэргэдэх Математик хэрэглээ төвөөс “Study Group Mathematics with Industry” буюу “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар” тав дахь удаагаа зохион байгууллаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн онолын судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий тус семинар нь 2024 оны 06 дугаар сарын 03-07-ны өдөр МУИС-ийн Номын санд болсон. Энэ удаагийн семинар нь анагаах ухааны болон санхүүгийн салбарт хиймэл оюун ухааны арга, техникүүдийг ашиглаж, шийдэл гаргах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой математик загвар боловсруулах зорилго бүхий дараах асуудлууд дэвшсэнээрээ онцлог болж байна.

  1. ТЕРА Анлимитед ХХК-иас дэвшүүлсэн “Банкны дансны хуулганаас орлого тодорхойлоход машин сургалт ашиглах нь”

  2. АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгээс дэвшүүлсэн “Элэгний өөхлөлтийн хэмжээг эмгэг судлалын микро зургаас тодорхойлох нь”

  3. Нийтийн тээврийн газраас дэвшүүлсэн “Улаанбаатар хотын нийтийн тээврийн эрэлтийн шинжилгээ, хөдөлгөөний эхлэл төгсгөлийн матрицыг байгуулах”

Тус семинар нь 2018, 2019, 2022 болон 2023 онд тус тус зохион байгуулагдаж байсан бөгөөд хурлын талаарх мэдээллийг дараах холбоосноос үзэх боломжтой.

Энэхүү судалгааны семинарт оролцсон эрдэмтэн судлаач, оюутан суралцагч болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд та бүхэндээ баярлалаа.