;
Монгол Улсын Их Сургууль “EC-Council ATC Best New Comer Award 2024” шагналын эзэн боллоо

EC-Council нь жил бүр Магадлан итгэмжлэгдсэн төв (Accredited training center)-үүдийнхээ шилдэгийг тодруулсаар ирсэн уламжлалтай бөгөөд МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн дэргэдэх Сиско академийн сургалтын төв нь 2024 онд 150 орны 2400 гаруй төвөөс шалгарч “EC-Council ATC Best New Comer Award” нэр хүндтэй шагналыг хүртлээ.

EC-Council нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэдэг томоохон байгууллага бөгөөд дэлхийн 150 оронд үйл ажиллагаагаа явуулан кибер аюулгүй байдлын өндөр түвшний мэргэжилтэнг CEH (Certified Ethical Hacker), CHFI (Computer Hacking Forensic Investigator), CND (Certified Network Defender) зэрэг олон чиглэлээр бэлтгэдэг. EC-Council-ийн сертификатыг дэлхий дахинд тэр дундаа Fortune 10-ийн 7 нь, Fortune 100-ийн 47 нь зэрэг бизнесийн байгууллага, НАТО болон аливаа улсын засгийн газар, 2000 гаруй боловсролын байгууллага шууд хүлээн зөвшөөрдөг байна.

МТЭС-ийн дэргэдэх Сиско академийн сургалтын төвийн эрхлэгч, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Н.Угтахбаяр “EC-Council-аас энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж буй нь манай төвийн багш нар кибер аюулгүй байдлын онол, практикыг хослуулан эзэмшсэн хийгээд асар хурдацтай өөрчлөгдөж буй энэ салбарт манлайлах чадвартайг гэрчилж байна. Бид EC-Council-тай хамтран шинэ тутам гарч буй кибер аюулгүй байдлын эрсдэл, аюул заналаас иргэн, байгууллагыг хамгаалах ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэж, МУИС-ийн багш, ажилтан, оюутан залууст чанартай, хүртээмжтэй боловсролыг хамтын ажиллагааны хөнгөлөлттэйгээр хүргэж буйдаа баяртай байдаг. Манай төгсөгчдийн амьдрал, карьерт жинхэнэ өөрчлөлт авчрах ур чадварыг бид олгохын тулд тасралтгүй сайжирсаар байх болно.” гэж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Та бүхнийг МУИС-ийн Сиско академийн сургалтын төвд суралцахыг урьж байна. 

https://training.cybersecurity.mn

ugtakhbayar@num.edu.mn