Электроникийн инженерчлэл, Компьютерын сүлжээ, Компьютерын инженерчлэл, Кибер аюулгүй байдал, Холбооны технологи чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэж буй Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн оюутан, төгсөгч, ажил олгогчийн хамтарсан уулзалт, өдөрлөг 2025.12.06-07-ны өдрүүдэд “Be positive” уриан доор МУИС-ийн Номын сангийн 303 тоот өрөө болон спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалт, өдөрлөгийн зорилго нь ЭХИТэнхимийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн чанар, төгсөгчийн эргэх холбоог сайжруулахад чиглэхээс гадна ажил олгогчийн хүлээлтийг тодорхойлж тэнхимийн хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэдэг. Уг арга хэмжээний хүрээнд оюутан, төгсөгч болон ажил олгогчийн төлөөллүүдийг хамарсан “Ажлын байрны бодит байдал ба сургалтын орчин”, “Хөдөлмөрийн зах зээл, Их сургуулийн уялдаа” хэлэлцүүлгүүдэд Шунхлай группийн хүний нөөцийн захирал С.Билгүүн, Ай Ти Зон ХХК-ийн гол харилцагч хариуцсан худалдааны төлөөлөгч Б.Түвшинтулга, М банкны хүний нөөцийн мэргэжилтэн Э.Байгаль, тус банкны мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн захирал М.Нямдорж, Монгол Улсын зөвлөх инженер Г.Жанчивдорж болон оюутан, төгсөгчийн төлөөлөл оролцов. Арга хэмжээний үеэр Ай Ти Зон ХХК-ийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцсоноос гадна оюутан, төгсөгчдөд өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулав.


Хэлэлцүүлгийн үр дүнд ЭХИТ-ийн төгсөгчдийн ур чадварын үнэлгээнд зөөлөн ур чадварыг илүү хөгжүүлэх шаардлагатай гэсэн гол дүгнэлтэд хүрснээс гадна төгсөгчдийн онолын мэдлэгийг практикт үр дүнтэй хэрэгжүүлэх чадварыг сайжруулахын тулд байгууллага, сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, дадлага, практик сургалтыг хамтран зохион байгуулах шаардлагатайг онцолж оролцогч байгууллагын төлөөллүүд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар болов. Хэлэлцүүлгийн үеэр Ай Ти Зон ХХК нь Мэдээллийн технологи, электроникийн сургуультай өмнө хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн, олон хэлбэрээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн нь хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж буйн илрэл болсон явдал байв.
Бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон Шунхлай групп, Ай Ти Зон ХХК, М банк, Хас банк болон нийт оюутан, төгсөгч та бүхэндээ Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн хамт олны зүгээс гүн талархал илэрхийлж байна.