;

МУИС, МТЭС, МКУТ-ийн шилдэг оюутнууд тодорч, амжилтаа үнэлүүллээ

МУИС, Мэдээлэл, Компьютерын Ухааны Тэнхим (МКУТ)-ийн шилдэг оюутнуудыг шалгаруулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, сурлагын амжилт, идэвх оролцоо, ур чадвараараа тэргүүлсэн оюутнууд шагналаа гардан авлаа.

Энэхүү шалгаруулалтад тус тэнхимийн Программ хангамж, Компьютерын ухаан, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Мультимедиа технологи хөтөлбөрийн 2–4 дүгээр түвшний оюутнуудыг хамруулж, шилдгүүдийг тодрууллаа.

Программ хангамж хөтөлбөрөөс Цэдэн-Иш овогтой Биндэрцэцэг тэргүүн байранд шалгарсан бол Цогтбаяр овогтой Нинжбадгар, Сержан овогтой Айым нар удааллаа.

Харин Компьютерын ухаан хөтөлбөрийн шилдгээр Хүрэлчулуун овогтой Цэлмэг тодорч, Ганболд овогтой Далайцэрэн, Билгүүн овогтэй Дугаржанцан нар удаалсан байна. Дашрамд дурьдахад Хүрэлчулуун овогтой Цэлмэг нь Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Эрдмийн хонх” оюутны тэргүүн дээд шагналын “Техник, технологийн оны шилдэг оюутан”-аар шалгарч амжилтаа бататгав.

 

Мэдээллийн технологи хөтөлбөрийн хувьд Булган овогтой Раднаабазар тэргүүлсэн бол Батбаяр овогтой Баяржавхлан, Нянтайжанчив овогтой Чигцалмаа нар шилдгээр нэрлэгдлээ.

Мэдээллийн системийн хөтөлбөрөөс Жаргалсайхан овогтой Буяндэлгэр тэргүүн байранд шалгарч, Өнөрцог овогтой Энх-Оргил, Мандах овогтой Хүслэнзаяа нар удаалав.

Мөн Мультимедиа технологийн хөтөлбөрийн Даваацэрэн овогтой Цэцэнбилэг тэргүүлж, Гүнсмаа овогтой Шинэсувд, Энхтөр овогтой Чойжилням нар шилдэг оюутнаар шалгарлаа.

Эцэст нь МКУТ-ийн шилдэгийн шилдэг оюутнаар Компьютерын ухаан хөтөлбөрийн оюутан Ганболд овогтой Далайцэрэн шалгарчээ.

Тус арга хэмжээг Программ хангамж хөтөлбөрийн 2012 оны төгсөгч Н.Болорхүү захиралтай timely.mn-ний хамт олон ивээн тэтгэж, шилдэг оюутнуудад МУИС-ийн мерч бүтээгдэхүүн гардуулсан нь оюутнуудын хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлж, урам зориг өгсөн онцлох үйл явдал боллоо. Шагнал гардуулах ёслолд тэнхимийн эрхлэгч болон хөтөлбөрийн багш нар оролцож, шилдэг оюутнуудад шагнал, гарын бэлгийг гардуулав. Энэ үеэр тэнхимийн багш нар “Оюутнуудын хичээл зүтгэл, тууштай байдал, бүтээлч сэтгэлгээ нь салбарын ирээдүйг тодорхойлох чухал хүчин зүйл” хэмээн онцолж, цаашдын сурлага, судалгаанд нь амжилт хүслээ.

 

Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын сурлагын чанарыг дээшлүүлэх, идэвх санаачилгыг дэмжих, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

 

 

Мэдээг хуваалцах