Хоорондоо холбогдон мэдээлэл дамжуулдаг, боловсруулдаг, тооцоолдог, программчлагддаг электрон төхөөрөмжүүд дээр ажиллаж байгаа цахим ертөнц нь хүн төрөлхтний амьдралын нэг хэсэг болжээ. Бидний оршин буй дэлхий ертөнцөд бий болж, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй их өгөгдлийг цахим халдлагаас хамгаалах, нууцлах, түүнд анализ хийх, хиймэл оюун ухаанаар боловсруулах технологиуд хурдтай хөгжсөөр. Ийн үүсэн хөгжиж буй шинэ технологиуд нь шинэ мэдлэг, мэргэжил, ажлын байрыг бий болгож байгаа нь хувь хүнээс тасралтгүй суралцах, шинэ мэргэжил рүү хөрвөх чадварыг шаардаж байна.
Монгол Улсын Их Сургууль эдгээр шинэ технологиудын үндэс болсон суурь мэдлэг, сурах чадварыг олгодгоороо онцлогтой бөгөөд энэ боломжоо ашиглан бид үр бүтээл өндөртэй ажиллаж байна. Үүнийг манай сургуулийн төгсөгчдийн төрөл бүрийн мэргэжил рүү хөрвөн ажиллаж байгаа байдал болон дэлхийн томоохон компани, байгууллага, их сургуулиудад судлаачаар ажиллаж байгаа төгсөгчдөөс маань харах боломжтой.
Манай сургуулийн оюутнууд олон улсын болон үндэсний программчлалын олимпиад, электроникийн улсын олимпиад, компьютерын сүлжээний улсын олимпиад, аюулгүй байдлын тэмцээн болон ABU Робокон тэмцээнүүдэд амжилтаараа тэргүүлж байна. Манай сургуульд сурснаар эдгээр багт орж өөрийгөө хөгжүүлэх, технологийн мэдлэгээ өргөжүүлэх, улмаар олон улсын тэмцээн, уралдаанд ч оролцох боломжтой. Мөн өндөр түвшний судлаач багш нараар удирдуулан судалгаа хийж, үр дүнгээ дотоод болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд танилцуулах боломж ч оюутан та бүхнийг хүлээж байна.
Шинэ технологи хөгжүүлдэг, судалгаа хийдэг, өндөр ур чадвартай профессор, багш нартай, орчин үеийн дэвшилтэт төхөөрөмж бүхий судалгааны лаборатори, орчинтой сургуульд олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр суралцаж, суурь мэдлэг өндөртэй, хөрвөх чадвар сайтай, чадварлаг инженер болохыг хүссэн залуус та бүхнийг урьж байна.