Санхүүгийн салбарт машин сургалт, хиймэл оюуныг (AI) хурдтай нэвтрүүлж банк, санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг улам бүр сайжруулсаар байна. Хамгийн түгээмэл хэрэглээний нэг нь бизнесийн болон хэрэглээний бичил зээлийг цахимаар олгох. Манай улсад ч гэсэн технологийн дэвшлийг ашиглаж харилцагчийн зээлжих оноог (credit score) тооцож аппликейшнээр зээл олгодог санхүүгийн үйлчилгээ арав гаруй жилийн өмнөөс нэвтрээд эхэлсэн. Өнөөдөр хэрэглээний зээлийг цахимаар олгодог олон банк, банк бус санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Тэд хэрэглээний зээлээс гадна бизнесийн орлоготой иргэдийн зээлийг ч гэсэн бүрэн автоматжуулах, харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг оновчтой хүргэх, зээлийн судалгааны менежерийн ажлыг хөнгөвчлөх, алдааг багасгаж байгууллагынхаа үйл ажиллагааг оновчлох, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ асуудлын хүрээнд Таван Богд Финанс ББСБ, МУИС-ийн Машин оюуны лабораторийн Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн судалгааны баг хамтран бизнесийн орлогыг харилцагчийн дансны хуулгаас тодорхойлох машин сургалтын загвар зохион бүтээжээ.

Харилцагчийн дансны хуулга нь өдөр тутмын орлого, зарлага болон бизнесийн орлогод хамаарах мөнгөн урсгал холилдсон мэдээллийн анхдагч эх сурвалж байдаг. Төсөлд хоёр мянга гаруй харилцагчийн гүйлгээний өгөгдлийг боловсруулж R2 82 оноогоор зөв таамагладаг гүн сургалтын загвар хөгжүүлжээ. Боловсруулсан загварыг туршиж үнэлэхэд зээлийн судалгааны менежерийн тооцсон орлогод нийцтэй, зарим тохиолдолд илүү ч оновчтой таамаглаж байсан байна. Төслийн багийнхан энэ загвараа бизнесийн орлого тодорхойлох хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж дүгнэжээ. Энэхүү систем нь бизнесийн санхүүгийн анализын арга барилд хувьсгал хийж, өмнө байгаагүй үнэн зөв, үр ашигтай байдлыг хангах юм. Одоогоор уг системийг Таван Богд Финанс ББСБ ХХК нь өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Орчин үеийн бизнесийн орчинд өгөгдөлд түшиглэн шийдвэр гаргах нь нэн чухал болж байгаа билээ. Компаниуд стратегийн сонголт, ялангуяа орлогыг урьдчилан тооцоолох, шинжилгээ хийхдээ ашиглаж байна.

Таван Богд Групп, МУИС хамтран ажиллах санамж бичгийг 2024 оны дөрөвдүгээр сард байгуулж судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлийн хүрээнд энэ төслийг гүйцэтгэжээ. Энэхүү өгөгдлийн шинжилгээ, судалгаа-хөгжүүлэлтийн төслийн багийг хоёр байгууллагаас хамтран бүрдүүлж нэг сарын, маш богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна. МУИС-аас Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Г.Амарсанаа, Ч.Алтангэрэл, багш З.Цолмон нар оролцон ажиллажээ.