МУИС-ийн оюутнууд Италийн Трентогийн их сургуульд суралцахаар мордов

2025 оны 8 дугаар сарын 29-нд Монгол Улсын Их Сургууль болон Итали Улсын Трентогийн их сургуулийн хамтарсан “3+1 давхар зэргийн хөтөлбөрт” тэнцсэн зургаан оюутанд батламж гардуулах ёслол боллоо. Уг хөтөлбөрийн хүрээнд оюутнууд эхний гурван жилийг МУИС-д, сүүлийн нэг жилийг Трентогийн их сургуульд тус тус суралцаж, төгсөхдөө хоёр их сургуулийн хос дипломтой болох боломжтой юм. Батламж гардуулах үйл ажиллагаанд МУИС-ийн МТЭС-ийн захирал профессор Б.Ганбат оролцож, суралцахаар явах оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад олон улсын орчинд мэдлэг, туршлага хуримтлуулах, Европын боловсролын системээр суралцах өргөн боломжийг олгож буйг онцолсон юм.

Давхар зэргийн хөтөлбөрт тэнцсэн оюутнууд 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Итали улсын Тренто хотыг зорих бөгөөд тэд цаашдын суралцах хугацаандаа олон улсын түвшний сургалт, судалгааны өргөн боломжийг ашиглаж, эзэмшсэн мэдлэг, туршлагаараа эх орныхоо боловсрол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилго өвөртөлсөн билээ.

Дашрамд дурдахад, зургаан оюутны хоёр нь Европын холбооны Эрасмус+ Олон улсын кредит солилцооны хөтөлбөрийн хүрээнд бүтэн тэтгэлэгтэй суралцах юм.

 

Мэдээг хуваалцах