МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн МКУТ-ийн баг 2026 оны 3 дугаар сарын 7–10-ны өдрүүдэд БНСВУ-ын Ханой хотноо Вьетнамын Улсын Их Сургуульд зохион байгуулагдсан 17-р PROCON олон улсын тэмцээн-д амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд Япон, Вьетнам, Монгол Улсын нийт 20 баг оролцсон бөгөөд МУИС-МТЭС-ийг төлөөлөн 3 оюутан, 1 багшаас бүрдсэн нэг баг өрсөлдлөө. Манай баг 2025 оны 12 дугаар сард ШУТИС-ийн МХТС-ээс зохион байгуулсан сонгон шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

PROCON тэмцээн нь урьдчилан өгөгдсөн бодлогын дагуу программ хөгжүүлж, тэмцээний үеэр багуудын боловсруулсан шийдлүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, өгөгдсөн даалгаврын тухайн тохиолдлыг хэр оновчтой, хурдан гүйцэтгэж байгаагаар нь багуудын шийдлийг үнэлдэг. 

Энэ жилийн даалгавар нь өгөгдсөн квадрат доторх хос тоонуудыг зэрэгцүүлэх бодлого байсан. Уг бодлогыг бодохдоо зөвхөн дэд квадратыг сонгон авч, доторх хэсгийг 90 градусаар эргүүлэх үйлдэл ашиглах боломжтой байв. Иймээс хамгийн цөөн үйлдлээр зөв байрлуулж чадсан баг илүү өндөр амжилт үзүүлсэн.

Тэмцээний зохион байгуулалтын дагуу багууд бүсүүдэд хуваагдан өрсөлдсөн. Бүс бүрээс эхний хоёр баг дараагийн шатанд шалгарч, бусад багууд дахин өрсөлдөн сүүлийн шатанд орох эрхийн төлөө тоглосон. Манай баг эхний шатанд 4-р байр, дараагийн шатанд мөн 4-р байр эзэлж тэмцээнээ өндөрлүүллээ.

Мэдээг хуваалцах