МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим “МИРАПРО Монгол” гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд

  1. Жил бүр тус компанид ажиллах сонирхолтой Электроникийн хөтөлбөрийн III болон IV түвшний найман оюутанд “МИРАПРО сургалтын төлбөрийн тэтгэлэг”-ийг олгох, тэтгэлэг авсан оюутнуудыг ажлын байраар хангах,
  2. Хамтарсан судалгаа хийх боломж эрэлхийлэх зорилгоор жил бүр тус тэнхимийн нэг багш Япон Улсын “МИРАПРО” компанийн үйл ажиллагаатай танилцах,
  3. Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн сургалт, судалгааны лабораторийн сайжруулалт, оюутнуудын олимпиад, уралдаан тэмцээнд оролцох зардалд зориулж жил бүр дэмжлэг үзүүлэх юм.

   “МИРАПРО Монгол” нь хагас дамжуулагч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Япон Улсын “МИРАПРО” компанийн Монгол Улс дахь салбар юм. Тус компани нь 2024 оны хоёрдугаар сард Электроникийн хөтөлбөрийн хоёр оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон. ( “МИРАПРО сургалтын төлбөрийн тэтгэлэг”-ийг гардууллаа – Монгол Улсын Их Сургууль).

Др. Хироюуки Цуганэ Ерөнхийлөгчтэй “МИРАПРО” компанийн нийт хамт олонд ажлын амжилт хүсье.