2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр болсон магадлан итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаанд Мэдээлэл, технологийн инженерчлэлийн сургуулийн Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Баянжаргал, тэнхимийн дэд профессор Н.Пүрэвцогт, дэд профессор С.Батбилэг нар оролцож, магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Хэрэглээний математикийн тэнхим нь сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг тогтмол сайжруулах зорилтын хүрээнд 2024 онд Статистикийн бакалавр болон магистрын хөтөлбөрүүдээ амжилттай магадлан итгэмжлүүлсэн.
Ингэснээр манай тэнхим нь бакалавр болон магистрын түвшинд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж, оюутан, төгсөгчдөд маань мэдлэг, ур чадвараа баталгаажуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шинэ боломжуудыг нээж байгаад бид баяртай байна.
Энэхүү амжилт бол хамт олны хүчин чармайлт, хичээл зүтгэлийн бодит үр дүн бөгөөд бид цаашид ч сургалтын чанарыг улам сайжруулж, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллах болно.
Тэнхимийн нийт эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгч, ажил олгогч нартаа гүн талархал илэрхийлж, улс орныхоо шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулж буй үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе.