Манай сургууль Италийн Трэнтогийн их сургуулийн (ТИС) Мэдээллийн инженерчлэл, компьютерийн ухааны тэнхимтэй хамтарсан бакалаврын давхар зэргийн хоёр хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эхний гурван жил МУИС-д суралцаад дөрөв дэх жилдээ ТИС-д суралцаж хоёр сургуулийн сургалтын хөтөлбөрийг дүүргэснээр хоёр диплом зэрэг авах юм.
Ямар хөтөлбөрөөр суралцах вэ?
МУИС-д манай сургуулийн дараах хоёр хөтөлбөрийн аль нэгээр харгалзан Трэнтогийн их сургуульд суралцах боломжтой.
Гэхдээ манай сургуулийн суралцагч нь аль ч хөтөлбөрөөр суралцдаг байж болох ба манай сургуулийн харгалзах хөтөлбөрийн хичээлийг судалсан байх шаардлагатай.
Давуу тал юу вэ?
Хоёр сургуулийн солилцоогоор гадаад суралцах нь үргэлж сайн талтай байдаг. Өнөө цагийн компани, байгууллагууд дэлхий нийтэд тулгарч буй шинэ сорилттой нүүр тулах, олон соёлтой багт орж олон улсад ажиллах чадвартай, чөлөөт сэтгэлгээтэй - ирээдүйн инженерүүдийг хайж байгаа. Тодруулбал, дотоод болон гадаадад суралцсанаар академик алсын хараагаа тэлэх, одоо тулгарч буй эсвэл цаашид тулгарах асуудлыг олж харах, олон улсын түвшинд хамтарч ажиллах боломж нээгдэх юм. Мэдээж бага зардлаар хоёр сургуулийн дипломтой болох нь ашигтай.
Ямар сургуульд очих вэ?
ТИС нь 2024 оны байдлаар THE ранкаар 351-400 байранд, компьютерийн ухааны салбараар 151-175 жагсдаг Италийн дундаж хэмжээтэй сургуулиудын нэг юм.
Хэр удаан явах вэ?
Нэг жил буюу хоёр улирал дарааллан суралцана. Энэ нь 10-11 сарын хугацаа юм. Намрын улиралд явах нь илүү оновчтой. Эхний суралцагчид 2025 оны Намрын улирлаас явж эхэлнэ.
Элсэлтийн шаардлага ба суралцах төлөвлөгөө
- 3+1 давхар зэргийн бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлүүдийг судалж багц цагийг цуглуулсан байх
- Голч оноо 3.0 ба түүнээс дээш
- Хэлний ур чадвар B2 түвшингээс дээш
Төлөвлөгөө ба дүн дүйцэх
- Суралцах төлөвлөгөө
- Хичээл дүйцүүлэлт: Компьютерийн ухаан | Электроникийн инженерчлэл
- Дүнгийн дүйцүүлэлт
Суралцах хэл?
Бүх хичээл Англи хэлээр явагдана. МУИС-ийн оюутнаас Итали хэлний мэдлэг шаардахгүй. Гэхдээ нэмэлтээр ТИС-ийн Хэлний сургалтын төвд Итали болоод маш олон хэлийг сурч болно.
Дипломын ажил
ТИС-д дипломын ажлыг хийж гүйцэтгэх ба МУИС-аас давхар удирдагчтай байна. Хоёр сургуулиас удирдагчтай байх нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
Сургалтын төлбөр ба тэтгэлэг
МУИС-ийн сургалтын төлбөрөөр МУИС-д төлнө. ТИС-д сургалтын нэмэлт төлбөр төлөхгүй. Италид оршин суух үнэмлэх авах, сургуульд элсэхтэй холбоотой 16 еврогийн 3 ширхэг маркны үнэ төлнө. 2025-2026 оны хичээлийн жилд суралцах 2 оюутанд Erasmus+ International Credit Mobility хөтөлбөрөөр бүтэн тэтгэлэг олгоно. Үүнд, сарын 900 еврогийн амьжиргааны тэтгэлэг, хоёр талын нислэгийн тасалбар, даатгал зэрэг багтана.
Жилд хэдэн суралцагч явах боломжтой вэ?
Хоёр хөтөлбөр тус бүрээс 3, нийт 6 суралцагч жил бүр явах боломжтой.
Амьжиргааны өртөг
Тэтгэлэгт хөтөлбөрт шалгараагүй суралцагч сургалтын төлбөрөөс бусад Италид байх хугацааны бүх зардлыг өөрөө хариуцна. Орон байр, нислэг, даатгал гэх мэт. Гэхдээ Италид амьдрах нь өндөр зардалгүй. Бакалавр, магистрын түвшний оюутнууд сард 900 евро, заримдаа түүнээс ч бага зардлаар амьдрах боломжтой байдаг. 10 сарын хугацаанд 9000 евро нь 35 сая төгрөг хүрэхгүйтэй зардал юм. Италийн Трэнто хотод амьдрах зардлыг илүү бодитоор тооцоолж гаргасныг энэ холбоосоор орж сонирхоорой.
Сонгон шалгаруулалт хэзээ вэ?
Жил бүрийн Хаврын улирлын эхээр сонгон шалгаруулалтын зар гаргана. Эцсийн шалгаруулалтын хариу 5 сарын дунд гэхэд гарсан байна. Сургуулийн веб сайт болон сошиал сувгийг ажиглаж байгаарай.
Бусад мэдээлэл
ТИС-ийн веб сайт дээрх англи хуудас
Холбоо барих
- Электроникийн инженерчлэл хөтөлбөрийн зөвлөх, оюутан солилцоо, бичиг хэрэг хариуцах
ЭХИТ-ийн ахлах багш Э.Шүрэнцэцэг (shurentsetseg.e@num.edu.mn) - Компьютерийн ухаан хөтөлбөрийн зөвлөх
МКУТ-ийн дэд проф. П.Далайжаргал - Санаачлагч, Хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч
МКУТ-ийн дэд проф. Г.Амарсанаа